...............Өнөөдөр би хичээлээ тараад гэр рүүгээ их яарч, догдолж байлаа. Учир нь өнөөдөр манайх шинэ жилийн гацуур модоо чимнэ гэсэн. Замдаа гацуур мод ямар гоё харагдах бол хэмээн төсөөлөн алхлаа. Гэнэт аав архи уучихсан байвал яанаа гэх бодол намайг айлгалаа.
Хашааныхаа үүдэнд иртэл гадаа нь цагдаагийн машин дохиогоо хангинуулан зогсч гэрээс орилон шуугилдах чимээ тасхийв. Би өөрийн эрхгүй аавдаа гомдон нулимс нүд бүрхлээ. Учрыг мэдвэл юун шинэ жилийн гацуураа чимэх манатай, аав архи ууж, муудалцсан тул ээж аргагүйн эрхэнд цагдаа дуудсан байлаа. Ахын хацар шалбарч, нүд нь жаахан хавджээ. Харин аавын хамраас цус гарч, нүүр нь улайн минчийж ээж рүү муухай орилж байв.
Би уг нь аавдаа их хайртай. Даанч архи уусан үедээ миний аав танигдахааргүй болж, ээж, ах эгч нарыг элдвээр зүхээд зогсохгүй хөөж, өвлийн хүйтэнд гадаа дагжин чичирч цагдаа ирэхийг хүлээх явдал их гардаг. Аав согтуу үедээ, хааяа эрүүлдээ ч гэсэн ээжийг зоддог, бас их зовоодог.
Нэг удаа ээжийн толгойг сүхээр цохиж хагалсан удаатай. Ах маань том болсон учраас ээжийг өмөөрч байнга аавтай сөргөлддөг. Би айлын бага хүүхэд тул зодож загнадаггүй. Гэхдээ би ухаан орсноос хойш аав архи уусан үедээ ээжийг маань зодон, занчиж хэрэлдээд зогсохгүй ах, эгч нарыг маань ч харааж зүхэн, зоддогоос үнэхээр айдаг. Энэ байдал үргэлжилсээр аавыг архи уусан үед гэртээ хонох, хамт байхаас хүртэл айж зугтахын түүс болдог болсон.
Бурхан намайг “Нэг хүслээ хэлээрэй, биелүүлье” гэвэл, би хамгийн түрүүнд “Аавыг маань архи уудаггүй, биднийг зодож, гэмтээдэггүй, эвтэй, ухаантай болгож өгөөч” гэж гуйна. Тэгвэл ээж маань ахиж хэзээ ч аавын хатуу нударганд өртөхгүй, ах, эгч маань айдас хургасан нүдээр ааваас царайчилж, өвлийн хүйтэнд гадаа даарч зогсохгүй...” хэмээн 8 настай Б ярилаа.
Монголын хоёр хүүхэд тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг. Монголд өнөөдөр Б шиг “Ааваа ээжээ, намайг битгий зодооч” гэж царайчлан өдөр хоногийг айдас дунд өнгөрүүлэх мянга мянган хүүхэд бий. 21 аймгийн 1100 гаруй хүүхдийг хамруулан томоохон хэмжээний судалгаа хийхэд нийт хүүхдийн 55 хувь нь хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртдөг, 64 хувь нь өөрийгөө гэр бүл дэх хүчирхийллийн гэрч гэж хариулжээ.
Судалгааны дүнгээс харахад, монгол хүүхдүүдийн тал хувь нь хүчирхийлэлд өртдөг байна. Эдгээрийн 50 орчим хувь нь сэтгэл санааны дарамтад орж, 39 орчим нь бие махбодын шийтгэлд өртдөг гэж хариулжээ. Мөн гуравны хоёр нь гэртээ ихэнхдээ амгалан тайван амьдарч чаддаггүй гэж хариулсан байна. Түүнчлэн хүчирхийлэгчдийн 43 орчим хувийг төрсөн эцэг, 27 орчим хувийг төрсөн эх, үлдсэнийг хойд эцэг,эх, хүргэн ах эгч эзэлдэг гэж хүүхдүүд үзжээ.
Бидний өдөр тутмын амьдралд гардаг хэрүүл, маргаан, хүчирхийлэл хүүхдэд ямар сөрөг нөлөө үзүүлдгийг дээрх тооноос харж болно. Тэд сэтгэл санаагаар томчуудаас ч илүү хямардаг. Энэ нь эрүүл мэнд, хөгжилд нь ихээхэн сөргөөр нөлөөлж байдгийг тэд өөрсдөө хэлжээ.
Энэ бүхэн хүүхэд юм чинь, одоогоор тэд юу ч ойлгохгүй, мэдэхгүй гэсэн томчуудын бодол буруу болохыг нотолж байна. Ингэхэд томчууд бид яагаад энхрийхэн хүүхдүүдийнхээ сэтгэлзүй, эрүүл мэндийг сүйтгээд байгаа юм бол.
Гэр бүлийн хүчирхийлэл нь зөвхөн Монгол Улсад байдаг үзэгдэл биш. Дэлхий дээр жил бүр 2-4 сая эмэгтэй, 3.3 сая хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, эмэгтэйчүүдийн 25 хувь буюу 12 сая эмэгтэй хүчирхийллийн золиос болдог.
Lenor Walker’s Study сэтгүүлийн гаргасан энэхүү судалгаагаар, хүчирхийлэл үйлдэгддэг гэр бүлд хүүхэд хохирох нь нийт улсын дунджаас 15 дахин өндөр, тэдгээр хүүхэд багачууд архи, согтууруулах ундаа, хар тамхи мансууруулах бодис хэрэглэх, гэмт хэрэгт холбогдох магадлал их, хэл яриа, сонсголын согогтой, хөгжлийн бэрхшээлтэй болох нь элбэг. Хүчирхийлэлд өртсөн эх хүүхдээ хүчирхийлэх нь найм дахин нэмэгддэгийг нотлон харуулжээ.
Монголын хоёр хүүхэд тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг гэсэн гашуун боловч хатуу үнэн судалгаа бий. Тиймээс Б шиг архичин аав, ядуу амьдралын хүнд хэцүү, зодуурыг шүд зуун тэсч яваа хүүхэд хичнээн байгааг төсөөлөхөөс сэтгэл өвдмөөр. Тэд бяцхан зүрхэндээ хурсан айдас, зовлон шаналалаа томчуудад нээж, өөрийгөө ойлгуулж чадахгүй.
Ийм гэр бүлд өссөн хүүхэд өөрийгөө зүхэх, буруутгах, хэрцгий зан авиртай болохоос гадна зүрхэндээ хэзээ ч анихгүй насан туршийн шархтай болон үлддэг. Та өөрийгөө охин, хүүгийнхээ оронд тавиад нэг үзээрэй.
Манай улсын нийт хүн амын 48 хувийг 0-18 насныхан эзэлдэг. Аливаа улс орны ирээдүй нь хүүхдүүдийн цангинасан инээд, амьдралдаа итгэх итгэл, хөөрхөн царайнаас л харагддаг. Харамсалтай нь манай улсад хүүхэд бүрэн хамгаалагдаж, баяр хөөр, инээд баяслаар дүүрэн байна уу гэвэл, үгүй.
Энэ бүхэн нь манайд хүчирхийллийг гэр бүлийн асуудал хэмээн төдийлөн анзаарахгүй, нуун дарагдуулдагтай холбоотой. Үүнээс болоод Монголын хүүхдүүд эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол амсч, улмаар амиа хорлоход хүрдэг байна. Нэг ч хүүхэд хүчирхийлэлд өртдөггүй байгаасай
Хүүхэд бүхэн гэр бүлийнхээ халуун дулаан хайранд өсөн торниж, аз жаргалтай байгаасай. Нэг ч хүүхэд ээж, ааваараа зодуулж, загнуулснаасаа болж буруу зам руу орж, амиа хорлохдоо хүртэл тулдаггүй байгаасай гэж би мөрөөддөг. Бидэнд ийм ирээдүй ирнэ гэдэгт ч найддаг.
Тиймээс би социологич мэргэжлийг сонгож, сурч байгаа юм. Би мэргэжлээрээ төгсөөд хүүхдийн эрхийн чиглэлийн Олон Улсын байгууллагад ажиллаж, хүүхэд бүхний хөөрхөн алаг нүдэнд инээмсэглэл, баяр хөөрийг өгч чадах эрх зүйн орчин нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллах болно.
Хүүхдийн ертөнцөд хүчирхийлэл байх ёсгүй. Манайхан “Эцэг эхийн зодуур хүнд хор болохгүй, барцад нь гарна” гэж ярьдаг бас ойлгодог. Энэ нь гэр бүлийн хүчирхийллийг үүсгэх нэг гол шалтгаан болж байна.
Уншигч тантай эчнээ танилцуулсан Б хүү шиг “Ааваа биднийг битгий зодооч” гэж нүдэндээ нулимс цийлэгнүүлэн бүлтэлзэх хойч үеийнхнийхээ үгийг анхааран сонсож, эцэг эхчүүд маань ухаалгаар хандаж, хүчирхийлэлгүй ирээдүйг хамтдаа бүтээнэ гэдэгт би итгэж бас мөрөөдөж байна.
Эцэст нь хэлэхэд энэ ертөнцийн муу, муухай бүхнийг цайлган инээдээрээ үлдэн хөөдөг хүүхдийн ертөнцөд хүчирхийлэл хэзээ ч байх ёсгүй, ирээдүйд байхгүй болно гэдэгт би итгэж, мөрөөдөж байна.
Мөрөөдлийг маань биелүүлэхэд ирээдүйн мянга мянган эцэг эхчүүд маань оюунлаг үг хэлээрээ, үйлдлээ хянаж, айдасгүй баяр хөөр дүүрэн ирээдүйг хүүхдүүддээ бэлэглэнэ гэдэгт итгэж байна. Мөрөөдөл маань биелнэ ээ.